Хавсралт
1
Шинэчлэлийн Засгийн газрын Боловсролын хөгжлийн
бодлого,
2012-2013 оны хичээлийн жилийн зорилт
“Зөв Монгол хүн” Шинэчлэлийн хөтөлбөрийн үндэслэл
Боловсролын салбар нь нийгэмд бие дааж,
өөрөө хөгжих чадвартай ЗӨВ МОНГОЛ ХҮН-ийг
хөгжүүлэх түүхэн цаг үетэй тулгарч байна. Монгол Улсыг дэлхийн хөгжилтэй орон болгоход хүнээ хөгжүүлэх цогц боловсролын
бодлого хэрэгцээтэй байна. Монгол Улсыг үсрэнгүй
хөгжилд хүргэх, дэлхийн хөгжлийн чиг хандлагатай хөл нийлүүлэн ажиллаж, амьдрах чадвартай хүнийг хөгжүүлэх
шаардлагатай байна.
Өнөөгийн боловсролын тогтолцоо нь хүний
хөгжлийг хангах бус шинжлэх ухааны мэдээллийг
дамжуулахад чиглэсэн, идэвхгүй, царцанги шинжтэй, олон нийтийн оролцоо хязгаарлагдмал, хаалттай байна.
Иймээс
боловсролын үйлчилгээ нь нийгмийн бусад салбаруудын
хэрэгцээнд тулгуурлаагүй, зөвхөн тухайн салбарынхаа хүрээнд асуудлыг шийдэх гэсэн хандлагатай хөгжиж ирлээ.
Улмаар уг үйлчилгээний эцсийн бүтээгдэхүүн болох
төгсөгчид нь өөрийгөө таниагүй, бие даан хөгжих чадвар сул, өрсөлдөх чадваргүй, асуудал шийдэх чадвар сул, бүтээлч
хандлагагүй, боловсролыг зөвхөн дипломын хүрээнд хардаг
хүн болж байна. Нийгмийн үсрэнгүй хөгжлийн гол тулгуур нь эрдэс баялаг бус өөрийгөө хөгжүүлэгч зөв монгол хүн бөгөөд
ийм хүнийг төлөвшүүлэх бидний зорилт юм.
Энэ цаг үед Монгол Улсын хөгжлийн ирээдүйд
чиглэсэн боловсролын шинэчлэлийн суурийг
бататган, цаашид Монгол хүний хөгжлийг төрийн хар хайрцагны бодлогын хэмжээнд хөгжүүлэх нь бидний үүрэг гэж үзэж
байна. Боловсролын зорилго нь иргэний ардчилсан
нийгмийн үнэт зүйлсийг эрхэмлэсэн, эх оронч, бүтээлч, өрсөлдөх өндөр чадвар бүхий Зөв Монгол хүнийг төлөвшүүлэх олон
талт нөхцөл, боломжийг бүрдүүлэн хөгжүүлэхэд
оршино.
Боловсролын үндсэн зарчим нь “Зан чанар
хандлагыг төлөвшүүлэх, мэдлэг эзэмших,
чадвараа хөгжүүлэх” гэсэн гурван үндсэн суурийн тэнцвэрийг хадгалж, төлөвшсөн хувь хүн, өрсөлдөх чадвартай хүний
нөөц, аз жаргалтай гэр бүлийг дэмжих үүрэгтэй.
Боловсролын тогтолцоо нь хүний төлөө тэднийг дэмжин хөгжүүлэх агуулгаар хүмүүнлэг, иргэний үйлчилгээ үзүүлэхэд
чиглэсэн насан туршийн тасралтгүй хөгжлийг хангахад
чиглэгдэнэ.
Зөв монгол хүн төлөвших үйл явцыг зөвхөн
сургуулиар бус бие хүний төлөвшил, гэр
бүлийн төлөвшил, нийгмийн төлөвшлийн харилцан хамаарлын өргөн хүрээнд авч үзнэ. Иймээс сургууль нь нийгэм, олон нийтийн
оролцоонд тулгуурласан, гэр бүл, нийгмийн
хөгжилд үүрэг гүйцэтгэдэг хүний хөгжлийн төв болж хөгжих учиртай юм. Боловсролын шинэчлэлийн бодлого нь дотоод
талаасаа монгол хүний хөгжлийн алсын
хараа, менежмент, чанарт нийцсэн сургалтын хөтөлбөр, боловсон хүчнийг хөгжүүлэх хөгжлийн хэрэгцээ, хүртээмжтэй,
аюулгүй, хүмүүнлэг боловсролын орчин, бие хүний
хувьд хөгжиж, нийгмийн идэвхтэй иргэн болох суралцагчийн хөгжил гэсэн хүчин зүйлүүдээр, харин гадаад талаасаа хууль эрх
зүй, бодлогын шинэчлэл, иргэнд суурилсан хяналтын
тогтолцоо, боловсролын үйлчилгээг дэмжин урамшуулах санхүүгийн бүтэц, эх үүсвэрийг бий болгон үндэсний болон олон
улсын дэвшилтэт соёл, уламжлал гэсэн хүчин зүйлүүдийн
хүрээнд хэрэгжих болно.
2
“Зөв
Монгол Хүн” шинэчлэлийн хөтөлбөрийн зорилтууд:
1. Боловсролын удирдлага, менежмент, чанарын
хяналтын шинэчлэл
2. Багшийн хөгжлийн шинэчлэл
3. Хувь хүний хүсэл зорилгод суурилсан
сургалтын шинэчлэл
4. Сургалтын хүртээмжтэй, аюулгүй орчны
шинэчлэл
НЭГ:
Боловсролын удирдлага, менежмент, чанарын хяналтын шинэчлэл
1. "Зөв монгол хүн"-ийг
төлөвшүүлэх, хөгжүүлэх урт хугацааны "Боловсролын Стратеги төлөвлөгөө"-г шинэчилж, үе шаттайгаар
хэрэгжилтийг хангана. (Алсын хараа, зорилго, үнэт
зүйл, хүрэх бодит үр дүн, хэмжих хэмжүүр, баримтлах зарчим, мөрдөх стандарт, хэрэгжүүлэх шинэчлэл, төлөвлөгөө, хийгдэх
ажлуудыг тодорхой болгоно)
2. Боловсролын бодлого, үйл ажиллагаанд
иргэд, олон нийтийн оролцоог бий болгож, хяналт
мониторингийн хороог ажиллуулна.
3. Бодлого зохицуулалтын залгамж холбоо, гол
хүчин зүйлсийн баталгааг хангахын тулд улс
төрийн намуудын оролцоог нээлттэй болгож, боловсролын тухай мэтгэлцэх бус харин хамтрах, нэгдэн хийх боломж бүрдүүлнэ.
4. Бага, дунд боловсролын сургалтын агуулга,
хөтөлбөр, технологи, арга зүйг шинэчлэх, сургалтын
зохион байгуулалтыг оновчтой болгох, сурагчдыг үнэлдэг, шалгадаг, боловсролын чанараа хянадаг, багшаа
бэлтгэдэг, багш нарынхаа мэргэжлийг дээшлүүлдэг,
сурах бичгээ зохиодог, боловсролын эрдэм шинжилгээ, судалгаа, мэргэжил арга
зүйн үйлчилгээг хэрэгжүүлдэг институцын тогтолцоог харилцан уялдаанд нь,
системтэйгээр, цогцоор нь шинэчилнэ.
5. Бүх шатны суралцагчид болон багш,
ажиллагсад, байгууллагын мэдээллийн нэгдсэн сан бүхий “Боловсролын удирдлага,
мэдээллийн үндэсний систем”-ийг байгуулж боловсролын үйл хэргийг олон нийтэд ил
тод болгоно.
6. Аймаг, нийслэл, дүүргийн Боловсролын
газар, хэлтсүүдийг хүний хөгжлийг хангах үүрэгтэйгээр үйл ажиллагааны хүрээг
өргөтгөн бэхжүүлнэ.
7. Боловсролын удирдлага, төлөвлөлт, эрдэм
шинжилгээ, судалгаа, сургалт, арга зүйн хөгжлийн мэргэжлийн институциудыг
шаардлагын дагуу ажиллах мэргэшсэн үйлчилгээний орчинтой болгоно.
8. Шинэ санал, санаачлагыг дэмжин хөгжүүлэх
үндэсний боловсролын сан бий болгоно.
9. Ерөнхий боловсролын сургалтыг олон улсын
түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн чанартай, өрсөлдөх чадвартай болгоно.
10. Ерөнхий боловсролд мэргэжлийн,
институцид суурилсан, хөндлөнгийн, нэгдмэл шалгалтын системийг нэвтрүүлнэ.
11. Дүн, үнэлгээг чанарын бодит үзүүлэлтээр
хэмждэг, үнэн бодитой болгоно.
ХОЁР:
Багшийн хөгжлийн шинэчлэл
1. Багш болох хүсэл эрмэлзэлтэй, зан чанар
хандлага төлөвшсөн байдал нь багш бэлтгэх сургуульд элсэгчдийн үндсэн шалгуур
болно.
2. Багшийн ажилдаа хандах хандлага,
хүүхэдтэй харилцах эерэг харилцааг хэвшүүлж, ёс зүйн дүрмийг нийтийн зөв соёл
болгон төлөвшүүлнэ.
3. Багшийг судлаач, сэтгэл зүйч, хүүхдийн
авъяасыг нээхийг эрэлхийлэгч болгох нөхцөлийг бүрдүүлнэ.
4. Багш бэлтгэдэг их, дээд сургуулиудын
сэтгэл судлал, сурган хүмүүжүүлэх, мэргэжлийн
дидактик, багшлах дадлагын сургалтын
агуулга, хөтөлбөр, сургалтын зохион байгуулалт, шалгалт, кредитын системийг
стандартын дагуу өөрчлөн шинэчилнэ.
5. Багш бэлтгэдэг сургуулиудад тавигдах
шаардлагыг өндөржүүлнэ.
6. Багш бэлтгэдэг их, дээд сургуулийн багш
нарыг ерөнхий боловсролын сургуулиудад
тодорхой хугацаагаар ажиллуулдаг болно.
7. Үндэсний болон орон нутаг, байгууллагын
түвшинд багшийн мэргэжлийг тасралтгүй,
байнга дээшлүүлдэг институцид суурилсан
тогтолцоог бий болгоно.
8. Интернетэд суурилсан багшийн мэргэжил
дээшлүүлэх мэдээлэл, холбооны үндэсний
системийг байгуулна.
9. Багшийн мэргэжил, арга зүй, ур чадварыг
суралцагчдын хөгжлөөр нь үнэлдэг, урамшуулдаг, гүйцэтгэлийн үр дүнд суурилсан
үнэлгээний системийг нэвтрүүлж, багшийн мэргэжлийн нэр хүнд, үнэлэмжийг өсгөж,
цалингаараа хангалуун амьдрах нөхцлийг бүрдүүлнэ.
10. Багшийн нийгмийн халамж, орон сууцны
талаар тусгай бодлогыг хэрэгжүүлж, алслагдсан аймаг сумдад багшилж байгаа багш
нарт цалин урамшууллын нэмэлтийг олгоно.
11. Ерөнхий боловсролын сургуульд бага
ангийн туслах багш, байгалийн ухааны хичээлийн туршилт, сорилын ажилд бэлтгэх,
лабораторийн аюулгүй ажиллагааг хариуцсан техникийн ажилтан ажиллуулах асуудлыг
шийдвэрлэнэ.
12. ЕБС, цэцэрлэгийн багшийн сонгон
шалгаруулалтыг ил тод, нээлттэй, хяналттай болгоно.
ГУРАВ:
Хувь хүний хүсэл зорилгод суурилсан сургалтын шинэчлэл
1. Монгол хүүхэд хөгжлийн суурь судалгааг
хийж бүтээлч, өрсөлдөх чадвартай монгол хүн хөгжлийн загварыг бүтээж хүн төвт
боловсролыг хөгжүүлнэ.
2. Цэцэрлэг, сургууль нь хүүхэд нэг бүрийн
хөгжил, чадавхын өсөлт, өөрчлөлтийн цахим мэдээллийн санг үүсгэж, хүүхэд нэг
бүрийн хөгжлийн хөтөлбөртэй болно.
3. Цахим журнал, видео хичээлийг сургалтад
ашиглах, IT код, хүүхдийн хөгжлийн файл, хайлтын танин мэдэхүйн вэб хуудас нээх
зэргээр мэдээллийн технологийг сургалтад үр дүнтэйгээр ашигладаг болно.
4. Бага боловсролын сургалтыг өөртөө итгэлтэй,
эргэцүүлэн бодож өөрийгөө илэрхийлэх чадвартай, сурах хүсэл, эрмэлзэлтэй,
суралцах арга барилтай монгол хүүхэд болгон төлөвшүүлэх суурь зарчимд
тулгуурлан шинэчилнэ.
5. Бага ангийн багш өөрийн судалгаа,
үнэлгээг дүн тавилгүйгээр хийж бусадтай харьцуулахгүйгээр суралцагчийг дүгнэдэг
байна. Сурагчдад айдасгүйгээр суралцах орчныг бүрэн бий болгож, бүтээлч байдал,
эрсдэлийг давж чадах чадварыг нь дэмждэг байна.
6. Ерөнхий боловсролын сургуулийн дунд,
ахлах ангийн сургалтын үр дүнгүй хэт ачааллыг бууруулах, сургалтын хөтөлбөрийг
сонголттой, уян хатан болгох үндсэн дээр сурагчид өөрийн авьяас, сонирхол,
ирээдүйд эзэмших мэргэжлийн чиглэлдээ нийцүүлэн тухайн хичээлээр өргөжүүлэн
гүнзгийрүүлсэн, нэмэлт агуулгатай ялгаатай сургалтын хөтөлбөрөөр хичээллэдэг
болно.
7. Ерөнхий боловсролын сургалтын зорилго,
агуулга, хөтөлбөр, сургалтын болон үнэлгээний арга зүй, сургалтын зохион
байгуулалтыг өөрчлөн шинэчилнэ.
8. Ерөнхий боловсролын дунд, ахлах ангийн
сургалтын агуулгын шинжлэх ухаанч, академик хоцрогдлыг арилгаж, сургалтын
агуулгыг олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн өрсөлдөх чадвартай сургалтын
жишигт хүргэнэ.
9. Дунд, ахлах ангийн үнэлгээг сурагчийн
суралцах хүсэл эрмэлзлийг урамшуулан дэмжсэн, тэдний цээжилсэн, сэргээн санах
санамжийг нь биш бодит ур чадварыг нь үнэлж, багшид сурагч бүрийн өсөлт,
өөрчлөлтийг үнэлж, сурагч бүртэй ажиллах, багш өөрийнхөө ажлын гүйцэтгэлийг
өөрөө үнэлж, хичээлийн зохион байгуулалт, арга зүйгээ сайжруулахад нь дэмжлэг
болдог байхаар өөрчилнө.
10. Төлөвшил, танин мэдэхүй, оюун санааны
хэрэгцээнд суурилсан унших номын жагсаалтын дагуу сургуулийн номын сангийн
номын хангамжийг нэмэгдүүлэх, 4 интернэтэд суурилсан цахим номын санг байгуулж,
хүүхдийг номоор хөгжүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.
11. Монгол хэл, бичгийн сургалтын хэл шинжлэлийн
судлалд тулгуурласан хэт дүрэмжсэн
хандлагыг өөрчилж, сургалтын агуулга,
хөтөлбөр, арга зүйг сурагчид алдаагүй зөв бичдэг, үгийн арвин баялаг сантай,
яруу сайхнаар ярих, бичих, илтгэх хэрэглээний бүрэн ур чадвартай болгох
хэрэгцээнд нийцүүлэн шинэчилнэ.
12. Монголын уран зохиол, түүхийн хичээлийн
агуулгыг хүүхэд, өсвөр үеийг үндэсний түүх,
соёлоо аливаа үзэл суртал, гуйвуулгагүйгээр
үнэн зөвөөр танин мэдэж, хамгаалан хөгжүүлдэг, эх, эцэг, ахмадаа хүндэлдэг, эх
орноороо бахархдаг, үндэсний үнэт зүйлс, үнэлэмж, итгэл үнэмшил, эрхэмлэх ёс
заншлаа мэддэг, үндэсний ухамсар, мэдрэмжтэй, хариуцлагатай иргэн болж төлөвших
хэрэгцээнд тулгуурлан хянан шинэчилнэ.
13. Ерөнхий боловсролын сургуульд үндэсний
ёс, зан заншил, уламжлалт соёл, сэтгэлгээний үнэт зүйлсийн талаар бие даасан
хичээлийг суурь боловсролын бүх ангиудад судалдаг болно.
14. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын
эрүүл мэнд, бие бялдар, авьяас сонирхлыг хөгжүүлэх, үндэсний өв соёлоо, өвлөн
хөгжүүлэх, тэдний чөлөөт цагийг үр дүнтэй өнгөрүүлэх зорилгоор сурагчдын дунд
биеийн тамир, спорт, урлаг, соёлын уралдаан тэмцээн, хүүхдийн хүмүүжил,
төлөвшлийн олон талт ажлыг сургууль бүр дээр жил бүр уламжлал болгон зохион
байгуулдаг сургалт, хүмүүжлийн ажлыг тогтмол хэрэгжүүлдэг болно.
15. Музейн дэргэд хүүхдийн танин мэдэхүйн,
сургалтын төвүүд байгуулах, музейг онлайн,
видео хэлбэрээр хүүхдүүдэд үзүүлэх боломжийг
бий болгоно.
16. Хөгжилд суурилсан хүний нөөц, чадамжийн
бодлогыг үндэсний түвшинд тодорхойлно. Ерөнхий боловсролын сургууль мэргэжлийн
сургуулиудтай хамтран мэргэжил сонголтын зөвлөгөө өгөх үйлчилгээг сургууль
дээрээ үзүүлдэг болно.
17. Их, дээд сургуулийн төгсөгчдийн сэтгэл
ханамжийн талаарх нэгдсэн мэдээллийн сан бүрдүүлж, элсэгчид сонголт хийхэд
ашиглах мэдээллийн нэг том эх сурвалж болгоно.
ДӨРӨВ:
Боловсролын хүртээмжтэй, аюулгүй орчны шинэчлэл
1. Сургуулийг хүүхдийн суралцах, амрах,
тоглох, чөлөөт цагаа өнгөрүүлдэг хүний хөгжлийн төв болно.
2. Сургууль болон сургуулиас 100 метрийн
эргэн тойронг архи тамхигүй, хүчирхийлэлээс ангид, аюулгүй орчин болгоно.
3. Хэвлэл мэдээллийн байгууллагуудтай үр
дүнтэй хамтран ажиллаж, нийгэмд эерэг зөв хандлага төлөвшүүлнэ.
4. Цэцэрлэг1, ерөнхий боловсролын сургуулийн
хичээлийн байр, дотуур байр, спорт заалны барилгын хангамж, хүчин чадлын
хомсдлыг арилгаж, нэг ангид ногдох, нэг багшид ногдох хүүхэд, сурагчдын тоог
цөөрүүлнэ.
5. Спорт заалгүй, гаднаа зориулалтын биеийн
тамирын талбайгүй бүх сургуулийг спорт заал, биеийн тамирын гадаа талбайтай
болгоно.
6. Малчин эцэг, эхчүүд хүүхдээ дотуур
байранд суулгахад сэтгэл амар байх нөхцлийг бүрдүүлэх, дотуур байрыг малчдын
хүүхдэд “ээлтэй гэр” болгох хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.
7. Хөдөөгийн цэцэрлэг, сургууль бүрт цэвэр,
бохир усны хангамжийн ялгаатай системээс үл хамааралтай, эрүүл ахуй, ариун
цэврийн стандартыг хангасан, байгаль орчинд ээлтэй, эдийн засгийн үр ашигтай,
өндөр технологи бүхий дотор бие засах, ариун цэврийн үйлчилгээг бий болгох,
эрүүл мэнд, эрүүл ахуйн стандартад нийцсэн ундны усны хангамжийг бий болгох
хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.
8. Тусгай сургуулийн хөгжлийн бэрхшээлтэй
сурагчдыг зориулалтын сурах бичиг, тоног төхөөрөмжөөр хангах, багш нарын
мэргэжлийн чадавхийг нь сайжруулах, төгсөгчдийг коллеж, их, дээд сургуульд
элсэн суралцах боломжийг бий болгоно.
5
9. Ердийн ерөнхий боловсролын сургуульд
хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг суралцах боломж нөхцлийг өргөжүүлнэ.
10. Сурагчдыг зам, тээврийн болзошгүй ослоос
урьдчилан сэргийлэх, гэмт халдлагаас хамгаалах, аюулгүй байдлыг хангахын тулд
тусгай сургууль болон холоос сурагчид нь ирдэг сургуулиудыг “сургуулийн автобусны
үйлчилгээ”-тэй болгоно.
11. Улсын хэмжээнд 3 ээлжээр хичээллэж буй
Улаанбаатар хотын 25 сургууль, Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын сургууль,
Дорноговь аймгийн Замын үүд сумын сургууль, Завхан аймгийн Түдэвтэй сумын
сургуулийн 3 ээлжийг 2 ээлжид шилжүүлнэ.
12. Ерөнхий боловсролын сургуулийг 1 ээлжтэй
болгох урт хугацааны бодлого, төлөвлөлтийг боловсруулна.
2012-2013
оны хичээлийн жилийн товлосон зорилтууд
1. Бага, дунд боловсролын сургалтад олон
улсын хэмжээнд түгээмэл, нийтлэгээр судалдаг бага ангийн математик, байгалийн
шинжлэл, дунд, ахлах ангийн математик, физик, хими, биологи, англи хэл, эдийн
засаг, бизнес судлалын сургалтын хөтөлбөр, технологийг олон улсад өрсөлдөх
чадвартай, дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн боловсролын технологид тулгуурлан
шинэчилж аймаг, нийслэлийн ерөнхий боловсролын лаборатори сургуулиудын
сургалтад нэвтрүүлнэ.
2. Бага, дунд боловсролын сургалтын агуулга,
хөтөлбөр, технологи, арга зүйн хөгжлийг хангах, аймаг, дүүргийн багш нарын
мэргэжлийг дээшлүүлэх, багш бэлтгэх дадлагын сургалтын түшиц сургуулийн үүргийг
гүйцэтгэх, ерөнхий боловсролын сургалтын чанар, өрсөлдөх чадварын жишгийг
тогтоох чиг үүргийг хэрэгжүүлэх аймаг, нийслэлийн ерөнхий боловсролын
лаборатори сургууль, олон улсын хөтөлбөрийн сургалттай сургуулиудад чиг үүргээ
хэрэгжүүлэх нөхцлийг нь бүрдүүлнэ.
3. Шинэчилсэн сургалтын хөтөлбөрүүдийн
сурагчийн сурах бичиг, багшийн сурах бичгийг зохиож, аймаг, нийслэлийн ерөнхий
боловсролын лаборатори сургуулиудад нэвтрүүлнэ.
4. Сургалтын шинэчилсэн хөтөлбөр,
технологийн шаардлагад нийцүүлэн ерөнхий боловсролын сургуулийн лаборатор,
тоног төхөөрөмжийн стандарт, сургалтад хэрэглэх урвалж, бодис, материалын нэр
төрөл, тоо хэмжээний норм, норматив, хичээл, практикийн болон туршилт, сорил,
дадлагын ажлын зардлыг тооцох нормативуудыг боловсруулж, мөрдүүлнэ.
5. Сургалтын шинэчилсэн агуулга, хөтөлбөр,
сургалтын болон үнэлгээний арга зүй, технологийг ерөнхий боловсролын бүх багш,
аймаг, нийслэл, дүүргийн Боловсролын газар, хэлтсийн мэргэжилтнүүд, багш
бэлтгэх их дээд сургуулийн багш нарт танилцуулах, ерөнхий боловсролын
сургуулийн багш бүрт сургалтын шинэ технологийг эзэмшүүлэх мэргэжил дээшлүүлэх
системтэй сургалтыг үргэлжлүүлэн зохион байгуулна.
6. Боловсролын хүрээлэнг секторын бүтэц,
зохион байгуулалтад шилжүүлж, үндэсний боловсролын хөгжлийг хөтөлдөг, ерөнхий
боловсролын сургууль, цэцэрлэг, багш нарт хичээл, сургалтаа зохион байгуулахад
нь хэрэгтэй мэргэжлийн байнгын тасралтгүй үйлчилгээг үзүүлдэг болгоно.
7. Боловсролын үнэлгээний төвийн бүтэц,
зохион байгуулалтыг өөрчилнө. Боловсролын үнэлгээний төвийг боловсролын
үндэсний түвшний чанарын хяналт, шинжилгээ, бага, суурь, бүрэн дунд боловсролын
улсын шалгалтын нэгдмэл зохион байгуулалт, удирдлагыг хэрэгжүүлдэг мэргэжлийн
институц байхаар одоогийн чиг үүргийг нь өргөжүүлж, бүтэц, зохион байгуулалтыг
нь өөрчилнө.
8. Сургалтын агуулга, хөтөлбөр, сургалтын
болон үнэлгээний арга зүй, технологид нийцсэн сурах бичиг зохиох, бүтээх арга
зүй, сурах бичгийн хэвлэлийн чанарын олон улсын стандартыг нэвтрүүлнэ.
9. Сургуулийн өмнөх насны сэтгэн бодох ур
чадварыг хөгжүүлэх, хүүхдийн хөгжлийг хангах, 4-5 настай хүүхдүүдийн сургуульд
бэлтгэх сургалтын агуулга, хөтөлбөр, үнэлгээний арга зүйг боловсруулж,
нэвтрүүлнэ.
10. Ерөнхий боловсролын сургуулийн бага
ангийн сурагчдыг 100 хувь, дунд, ахлах ангийн сурагчдын 40 хувийг төрөөс үнэ
төлбөргүй сурах бичгээр хангах ажлыг зохион байгуулж, сурах бичиг худалдан авах
боломж, нөхцөл тааруу өрхийн хүүхдүүдийн сурах бичгийг төрөөс хангаж, тэдний
суралцах адил тэгш эрхийн баталгааг хангана.
11. Казак хэлээр сургалтаа зохион байгуулдаг
сургуулиудын казак эх хэлний сурах бичгийг зохиох, бага ангийн сургалтын сурах
бичгүүдийг казак хэл рүү орчуулан хэвлэж, хангана.
12. Мэргэжлийн сургалттай биеийн тамирын
сургуулийн сургалтад хэрэглэх сурах бичгийг зохиож, хэвлүүлнэ.
13. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг
аймаг, дүүргээрээ нэгдсэн загварын, эрүүл ахуй, эдэлгээний шаардлага хангасан
дүрэмт хувцастай болгох зохицуулалтыг бий болгож 2013-2014 оны хичээлийн жилээс
мөрдүүлнэ.
14. Ерөнхий боловсролын сургуулийн багшийн
секц, дугуйлан хичээллүүлэх, сурлагаар хоцрогдсон сурагчдад нэмэлт давтлага
өгөх ажлыг үнэлгээтэй болгох, нэмэлт хөлс олгох асуудлыг Засгийн газарт
хэлэлцүүлнэ.
15. Ерөнхий боловсролын сургуулийн нийгмийн
ажилтанд мэргэжлийн зэрэг, ур чадварын нэмэгдэл олгох асуудлыг Засгийн газарт
хэлэлцүүлж, шийдвэрлүүлнэ.
16. Ерөнхий боловсролын сургуулийн 1
компьютерт ногдох сурагчдын тоог 20.4-өөс 19.0 болгож, компьютерийн хангамжийг
1.4 пунктээр нэмэгдүүлнэ.
17. Өндөр хурдны өргөн зурвасын сүлжээнд
хөдөөгийн ерөнхий боловсролын 120 сургуулийг шинээр холбож, нийт хичээлийн
байрны 54,0 хувийг өндөр хурдны интернетийн сүлжээтэй болгоно.
18. Интернэтэд холбогдсон сургууль бүрийг
вэб хуудастай болгоно.
19. Интернэтэд холбогдсон сургуулиудад вэб-д
суурилсан удирдлага, мэдээллийн систем, программ хангамжийг нийлүүлж,
сургуулийн үйл ажиллагаа, санхүү, төсвийн зарцуулалт, гүйцэтгэлийг олон нийт,
эцэг эхчүүдэд нээлттэй болгох, эцэг эхчүүд өөрийн хүүхдийн сурлагын амжилт,
хөгжил, төлөвшил, хүмүүжлийн талаарх мэдээллийг үзэх, сургууль, багш нартайгаа
электрон шуудангаар харилцах боломжийг бий болгоно.
20. Улсын төсвийн хөрөнгөөр 2013 онд суудлын
тоог 19,2 мянгаар нэмэгдүүлж 34 сургуулийн хичээлийн байрны барилгыг, орны тоог
3,5 мянгаар нэмэгдүүлж 35 цэцэрлэгийн барилгыг, орны тоог 2,0 мянгаар
нэмэгдүүлж 18 дотуур байрны барилгыг, 4,8 мянган м2 талбай бүхий 16 спорт заалыг шинээр
ашиглалтад оруулж, тавилга, тоног төхөөрөмжийг нь нийлүүлнэ.
21. 2013 онд “Боловсролыг дэмжих олон улсын
түншлэл”-ийн буцалтгүй тусламжийн төслөөр 4,0 мянган ортой 40 цэцэрлэгийн
барилга, Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр 1280 суудал
бүхий 2 сургуулийн хичээлийн байрны барилгыг ашиглалтад оруулна.
22. 2013 онд 330 сургууль, цэцэрлэг, дотуур
байр, спорт заалны барилгад засвар шинэчлэл хийх асуудлыг Засгийн газар, УИХ-д
хэлэлцүүлж, шийдвэрлүүлнэ.
23. Ерөнхий боловсролын сургуулиудыг самбар,
ширээ, сандал, байгалийн ухааны хичээлийн зориулалтын лаборатори, спортын
хэрэгсэл, технологийн хичээлийн кабинет, хөгжмийн хичээлийн техник хэрэгслээр
хангах, дотуур байр, цэцэрлэгийг цагаан хэрэглэл,
зөөлөн эдлэл, тоглоом наадгайгаар хангах
хөрөнгө оруулалтыг зохион байгуулна.
24. Улсын төсвийн хөрөнгөөр 2013 онд 18,5
мянган суудалтай 32 сургуулийн хичээлийн байрны барилга, 2,2 мянган ортой 38
цэцэрлэгийн барилга, 2,5 мянган ортой 20 дотуур байрны барилга, 18 спорт заалны
барилгыг шинээр барьж эхлүүлэх асуудлыг Засгийн газар, УИХ-д хэлэлцүүлж
шийдвэрлүүлнэ.
25. Хөдөөгийн 131 багт гэр цэцэрлэгийг
шинээр байгуулж, малчдын хүүхдийн сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээний
хамрагдалтыг нэмэгдүүлнэ.
26. Сургуулийн өмнөх боловсролын 5 настай
хүүхэд бүрийг сургуульд бэлтгэх сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнд
хамруулна.
27. Ерөнхий боловсролын сургуулийн бага
ангийн сурагчдын үдийн цай, цэцэрлэгийн хүүхэд, дотуур байрны сурагчдын хоолны
зардлын нормативыг хүүхдийн өсөлт, бойжилтын хэрэгцээ, илчлэг, шим тэжээлийн
физиологийн нормыг хангахуйц хэмжээнд хүнсний өргөн хэрэглээний бүтээгдэхүүний
үнийн өөрчлөлттэй уялдуулан шинэчлэх асуудлыг Засгийн газрын хуралдаанаар
хэлэлцүүлж, шийдвэрлүүлнэ.
28. Ерөнхий боловсролын сургуулийг үдийн
хоолны үйлчилгээтэй болгох бэлтгэлийг хангах, хөдөө сумын сургуулиудыг гал
тогооны тоног төхөөрөмж, сав суулгаар хангах, тогооч, ажилтнуудыг сургах,
ерөнхий боловсролын сургуульд хоол зүйч багшийг ажиллуулах, хүүхдийн өсөлт,
бойжилтыг дэмжих, хоол хүнсийг боловсруулах болон эрүүл ахуй, аюулгүй байдлыг
хангахтай холбоотой холбогдох технологийн горим, норм, норматив, стандарт,
дүрэм журмуудыг боловсруулж, батлан мөрдүүлнэ.
29. Цэцэрлэгийн хүүхэд, ерөнхий боловсролын
сургуулийн сурагчдын эрүүл мэндийн урьдчилсан үзлэг, хяналтын үйлчилгээг эрүүл
мэндийн яам, мэргэжлийн байгууллагуудтай хамтран бий болгоно.
30. Албан бус боловсрол, гэгээрэл хөгжлийн
төвүүдийг насанд хүрэгчдийн боловсролын тасралтгүй үйлчилгээ үзүүлэх чадамжтай
болгох ажлыг эхлүүлж, нэн тэргүүнд сүм хийдэд шавилан суусан, хөгжлийн
бэрхшээлтэйн улмаас, өрхийн хараа халамж, анхаарал дутсаны улмаас сургуулиас
олон жилийн өмнө завсардаж бичиг үсэгт тайлагдаагүй орхигдсон хүүхдүүдийг бичиг
үсэгт сургах, сүм хийдүүд шавилан сууж буй лам хүүхдээ заавал бичиг үсэгт
сургах, суурь боловсрол эзэмшүүлэх зохион байгуулалтыг хангах үүрэгтэй байх эрх
зүйн зохицуулалтыг бий болгоно.
БОЛОВСРОЛ,
ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМ
0 Сэтгэгдэл:
Post a Comment
Та сэтгэгдлээ үлдээхийн тулд Anonymous Users гэж сонгоорой. Танд амжилт